Түгээмэл загвар ба барилга байгууламж

1

Улаанбаатар хот, 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр – “Түгээмэл хөгжил” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрахбаяр Монголын Мянганы Сорилтын сан (Монголын МСС)-ийн Нийгэм, жендэрийн асуудал хариуцсан багийн урилгаар “Түгээмэл загвар- Хүртээмжтэй орчин” сэдвийн дор байгууллагын ажилтнуудад мэдээлэл өгч, сонирхолтой яриа өрнүүллээ.

4

“Түгээмэл загвар” гэх ойлголтын цаана аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүрээлэн буй орчныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох зорилготой төлөвлөлтийн аргачлал, зарчмууд оршдог хэмээн зочин илтгэгч илтгэлдээ дурдаад, түгээмэл загварыг баримталж гүйцэтгэсэн аливаа барилга байгууламж нь хүүхэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй зорчих эцэг эх, хөдөлмөрийн чадвараа түр алдсан ажилтан гэх мэт нийт иргэдэд ажиллаж амьдрахад нь саадгүй, хүнлэг, ээлтэй орчныг хэрхэн бүрдүүлдэг талаар өөрийн амьдралын жишээн дээр тайлбарласан юм. 

2

Уулзалтын төгсгөлд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулж байгаа томоохон үйлдвэр, барилга байгууламжуудын зураг төсөлд түгээмэл загварын зарчмуудыг тусгах тал дээр хариуцсан багууд хэрхэн анхааран ажиллаж буй талаар туршлага солилцлоо.

3 1

Зочин илтгэгч маань өдгөө Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа юм. 

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.