Улаанбаатар хот, 2021 оны 1 дүгээр сарын 26 - Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагааны хүрээнд Ус сувгийн удирдах газар (УСУГ) болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-ын үйл ажиллагааг Олон улсын усны ассоциацаас боловсруулсан AquaRating аргачлалаар үнэлсэн бөгөөд үнэлгээний тайланг танилцуулж, гэрчилгээ гардуулах ёслолыг цахимаар зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, АНУ-ын МСК-ын Монгол дахь суурин захирал Алекс Рассин, Суурин захирлын орлогч Эрик Гүтшоф, Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт болон холбогдох бусад хүмүүс оролцлоо. Түүнчлэн Олон улсын усны ассоциацын AquaRating үнэлгээ хариуцсан менежер ноён Кизито Масиндэ, AquaRating үнэлгээний ахлах шинжээч Франциско Кубило, Монголын МСС-ийн Тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал нар цахимаар холбогдож, гэрчилгээ гардуулах арга хэмжээ, тайлангийн хурлыг удирдан явуулав.
Элчин сайд Майкл Клечески арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ энэхүү чухал арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын баяртай байна гээд “Энэхүү AquaRating үнэлгээ нь ус хангамжийн байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал суурь болно. Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр бүхэлдээ нийслэл хотын иргэд, оршин суугчдын аж амьдралыг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой. Энд зориуд цохож хэлэхэд, Компакт гэрээний санхүүжилт бол эргүүлэн төлөх нөхцөлтэй зээл биш, харин буцалтгүй тусламж. Түүнчлэн энэ буцалтгүй тусламжаар ямар асуудлаа шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтөө хэрхэн дэмжихээ тухайн улс орон өөрсдөө хэлэлцэж, судалж, саналаа дэвшүүлж шийдэх боломжийг олгодгоороо онцлогтой. Компакт гэрээний санхүүжилтээр ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэрийг барьж байгуулахаас гадна усны салбарын тогтвортой байдлыг сайжруулах, институцийн хувьд чадавхжуулах бодлогын чанартай өөрчлөлт шинэчлэлд хөрөнгө оруулна. Барилга байгууламжаас гадна сайн засаглал, менежментийн шилдэг туршлагуудыг Монголд авчирна гэсэн үг. Энэ бүхэн эхнээсээ биеллээ олж байгааг өнөөдрийн арга хэмжээ гэрчилж байна” гэлээ.
Улмаар Элчин сайд Майкл Клечески AquaRating үнэлгээний байгууллагын гэрчилгээг УСУГ-ын дарга Ц.Төрхүүд гардуулав.
УСУГ-ын удирдах газрын дарга Ц.Төрхүү хэлсэн үгэндээ, “УСУГ өнгөрсөн жил гаруйн хугацаанд үйлчилгээний чанар, гүйцэтгэлийн түвшин, үйл ажиллагаа болон санхүүгийн тогтвортой байдал, засаглал зэрэг 8 чиглэлээр үнэлүүлж, олон улсын аудитаар шалгуулж, өнөөдөр гэрчилгээгээ гардаж байгаадаа баяртай байна. Усаар дамжуулан ард иргэдийнхээ эрүүл мэнд болон эрүүл ахуйг тэтгэн дэмжих эрхэм үүрэг хүлээдгийн хувьд стандартад нийцүүлж ажиллах нь бидний хувьд маш чухал. Тиймээс цаашид үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ чанар, стандартыг илүү өндөр төвшинд хүргэж, олон улсын стандарт нийцүүлэхийн төлөө ажиллана” гэж мэдэгдлээ.
Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт өнгөрсөн хугацаанд цаг хугацаа, нөр их хөдөлмөр шаардсан энэ чухал ажилд оролцсон бүх хүнд талархаж буйгаа илэрхийлээд, AquaRating аргачлалаар үнэлэхэд УСУГ олон улсын ус ашиглалтын байгууллагуудын дундаж түвшинд хүрсэн үнэлгээ авсныг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн цаашид Монголын Мянганы сорилтын сангийн зүгээс энэхүү үнэлгээнд тулгуурлан ус хангамжийн салбарын тогтвортой байдлыг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэж тэрээр хэлсэн үгэндээ онцоллоо.
Гэрчилгээ гардуулах ёслолын дараа AquaRating үнэлгээний тайланг УСУГ-ын алба, хэлтсийн дарга нар, инженер техникийн ажилтнуудад дэлгэрэнгүй танилцуулав.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн AquaRating аргачлал нь ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг үндсэн найман чиглэлээр үнэлж, дүн шинжилгээ хийж, цаашид сайжруулах чиглэлүүдийг тодорхойлж өгдөг бөгөөд усны үйлчилгээний чанарыг шинэ төвшинд гаргах, үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой хэмээн Олон улсын усны ассоциацын AquaRating үнэлгээ хариуцсан менежер ноён Кизито Масиндэ товч мэдээлэл өглөө.
Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн Ус ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд үйл ажиллагааны хүрээнд AquaRating аргачлалыг ашиглан УСУГ болон ОСНААУГ-ын үйл ажиллагааг үнэлэх ажлыг 2019 оны 5 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд 2020 оны эхний улиралд дотоод аудит, 2020 оны 3 дугаар улиралд Олон улсын усны ассоциациас дотоод аудитыг бататгасан хөндлөнгийн аудитыг хийж, 2020 оны 4 дүгээр улиралд үнэлгээний тайланг боловсруулсан юм.
Улмаар үнэлгээний үр дүнд тулгуурлан цаашид сайжруулах төлөвлөгөө гаргаж, УСУГ-тай ижил төстэй, хөгжингүй орны ус ашиглалтын байгууллагатай иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, туршлага солилцох зэрэг олон чиглэлээр ашиглалтын байгууллагын чадавхыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлнэ.
AquaRating-ийн үнэлгээний гэрчилгээ нь 2024 он хүртэл хүчинтэй бөгөөд энэ хугацаанд дахин нэг удаа үнэлгээ хийх юм.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.