Монголын MСС-ийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

Улаанбаатар хот, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-ийн Удирдах зөвлөлийн хурал 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Dsc09571 2

Хурлыг Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн дарга, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат даргалж, Удирдах зөвлөлийн гишүүд болон Монголын МСС-ийн төслийн захирлууд, албаны бусад хүмүүс оролцов.

Dsc09586 2

Хурлын эхэнд Монголын МСС-ийн Хуулийн ерөнхий зөвлөх бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Р.Мөнхбат Удирдах зөвлөлийн хувийн хэвшлийг төлөөлөх шинэ гишүүнд нэр дэвшсэн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Л.Төр-Одыг танилцуулж, Удирдах зөвлөлийн гишүүд тогтоолыг санал хурааж батлав.

Хурлаар Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл болон Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, учирч болзошгүй эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээний талаар болон бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Dsc09535 2

Удирдах зөвлөлийн дарга хурлын төгсгөлд төсөл хөтөлбөрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд дор бүрнээ анхаарч, тулгамдаж буй асуудлуудыг тухай бүр шийдвэрлэхэд холбогдох яам, агентлаг, чиг үүргийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлийг Удирдах зөвлөлийн гишүүд болон Монголын МСС-ийн гүйцэтгэх удирдлагын багт өгөв.

Dsc09539

Монголын МСС-ийн Удирдах зөвлөл нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан саналын эрх бүхий ес, саналын эрхгүй хоёр гишүүн (Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Монгол Улс дахь Суурин захирал)-ээс бүрддэг.

Dsc09608

Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд 2024 оны 12 дугаар сарын байдлаар нийт 29 удаа хуралдаж (ээлжит болон ээлжит бус горимоор), Монголын МСС-ийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.