Улаанбаатар хот, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан оролцогч талуудын хамтаар Улаанбаатар хотын айл өрхүүдийн ус худалдан авах чадварын асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцсэн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, УСУГ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, хувийн конторуудын төлөөлөл, Хөдөлмөр, гэр бүл, нийгмийн хамгааллын яам, Улаанбаатар хотын захиргаа, Хөдөлмөрийн халамжийн газар зэрэг олон байгууллагууд оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтад 2023-2024 оны хооронд хийсэн Улаанбаатар хотын айл өрхүүдийн Ус худалдан авах чадварын судалгааны үр дүнг танилцуулж, 2020-2030 он хүртэлх өрхийн ус худалдан авах чадварын асуудал хэрхэн өөрчлөгдөх, өрхийн орлого өсвөл ямар болох, өсөөгүй тохиолдол хэрхэх, ямар асуудал тулгарах, ямар аргачлалаар уг судалгааг хийсэн зэргийг хэлэлцэв.
Уг судалгааны үр дүнд тулгуурлан бага орлоготой эмзэг бүлгийн өрхөд тулгарах усны үйлчилгээний төлбөрийн асуудлыг шийдэх усны нийгмийн бодлогыг боловсруулах юм. Үр дүнд нь нэг талаас зорилтот хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нөгөө талаас ашиглалтын байгууллагуудын үйл ажиллагааны өртгийг нөхөхөд ахиц гарч, эцсийн дүндээ Улаанбаатар хотын иргэд урт хугацаанд тогтвортой чанартай усны үйлчилгээ авах ийм боломжийг бүрдүүлэх оршино.
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмний хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.