“Усны тухай ярилцъя – 3” ээлжит уулзалтаар хэвлэл мэдээллийн төлөөлөл Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа

Edited

Улаанбаатар хот 2023 оны 06 дугаар сарын 16 – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт болон усны асуудлаар хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй нээлттэй ярилцах зорилгоор зохион байгуулдаг “Усны тухай ярилцъя-3” ээлжит уулзалт 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн талбайд амжилттай болж өнгөрлөө.

Уулзалтад хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллагын төлөөлөл 20 гаруй редактор, нийтлэлч, сэтгүүлчид оролцож, Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн зорилго, ач холбогдол, хэрэгжилт, түүнчлэн тулгамдаж буй бэрхшээл, сорилтууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын зэрэгцээ, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилга угсралтын явцтай газар дээр нь танилцсан юм.

 Dsc5374 Min

 Dsc5420 Min

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл уулзалтын эхэнд Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар цаг зав гарган бүтээн байгуулалтын талбайд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөлд талархал илэрхийлэв.

Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Ус нь хүний эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжлөөр зогсохгүй улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн асуудал мөн. Компакт гэрээгээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлагч гол хүчин зүйлсийн судалгаанд үндэслэн, Улаанбаатар хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотод нүүрлэж болзошгүй усны хомстлоос сэргийлж, хүн амын хэрэглээ, эдийн засгийн үйл ажиллагаанд шаардлагатай усаар урт хугацаанд, тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ” хэмээн онцлов.

Dsc03030 Min

АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Монгол Улс дахь Суурин захирал Тина Юү Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын түншлэл, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгаа бүтээн байгуулалтын талбар дээр хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзахдаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Компакт гэрээний санхүүжилт ердөө таван жилийн хугацаатай. Энэ хугацаанд Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, цаашлаад эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхэд, Компактын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн та бүхний оролцоо, дэмжлэг нэн чухал” хэмээн тодотгосон юм.

 Dsc5434 Min

Энэ удаагийн уулзалтаар Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний хүрээнд хэрэгжүүлж буй үндсэн гурван төсөл болох Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл болон Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн талаар ерөнхий мэдээлэл өгсөн бол төсөл тус бүрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар төсөл хариуцсан захирлууд дэлгэрэнгүй танилцуулга хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулан, халуун дотно яриа өрнүүллээ.

Dsc03039 Min

 Dsc5474 Min

 Dsc5472 Min

Улмаар Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа БНТУ-ын “МАПА Иншаат” компанийн Төслийн менежер Сердар Хекимоглу үргэлжлүүлэн бүтээн байгуулалтын явцыг сэтгүүлчдэд танилцуулж, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Dsc03076 Min

Dsc03102

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний санхүүжилтээр байгуулж буй хоёр томоохон үйлдвэрийн нэг бөгөөд шинээр байгуулж буй Ус хангамжийн баруун эх үүсвэрээс олборлосон усыг энэхүү үйлдвэрт Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн дэвшилтэт технологиор гүн цэвэршүүлж, нийслэлийн ус хангамжийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм.

Бүтээн байгуулалтын ажил ноцтой саатал хоцрогдолгүй, төлөвлөгөөний дагуу, 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны II улиралд дуусаж, туршилт тохируулгыг эхлүүлэхээр ажиллаж байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор жилд 50 хүртэл сая куб метр гүн цэвэршүүлсэн усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.

Монголын МСС нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд, эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий үндсэн гурван төслөөс бүрдэх “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахаар зорьж байна.

Үр дүнд нь Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, 30 жилийн дараах нийслэлийн 650 гаруй мянган өрхийн 2.4 сая гаруй иргэн, мөн үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг цэвэр усаар тогтвортой хангах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ  сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилтыг биелүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.

###

Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.