Улаанбаатар хот, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр – Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд “Усны үнэ цэн, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа”-ны хүрээнд “Улаанбаатар хотын унд ахуйн усан дахь зэвийг бууруулах урт хугацааны төлөвлөгөө, зөвлөмж ” -ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн өнөөдөр уг зөвлөх үйлчилгээний эхлэлийн уулзалтаа хийлээ.
Эхлэлийн уулзалтыг нээн Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал хэлсэн үгэндээ Зөвлөх багийн боловсруулах зэв арилгах стратеги төлөвлөгөө нь хэрэгжихүйц, үр дүнд хүрэхүйц байх нь зөвхөн зөвлөхийн хүчин чармайлтаас гадна, салбарын төлөөллийн оролцоо, санал зөвлөмж, чиглүүлэг нэн чухал болохыг онцоллоо. Түүнчлэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын Инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл зэвийг арилгах чиглэлд урьд өмнө хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудын тоймыг дурдаж, цаашид шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөх үйлчилгээний зорилго нь Улаанбаатар хотын унд ахуйн усанд зэв үүсэж буй шалтгаан, тохиолдол, хамрах хүрээ, үзүүлж буй нөлөөллийн талаар иж бүрэн суурь судалгаа хийх, судалгаанаас гарах зөвлөмжид үндэслэн зэвийг бууруулах, усны чанарыг сайжруулахад чиглэсэн төлөвлөгөөг боловсруулж, нийслэлийн удирдлага болон ус ашиглалтын байгууллагуудад хүлээлгэн өгөх юм.
Тус уулзалтанд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо, “Хувийн ОСНАА-Хөгжлийн төв” ТББ, харьяалагдах конторууд, “Хувийн ОСНАА-Мэргэжлийн холбоо” ТББ түүнд харьяалагдах конторууд, Сууц өмчлөгчдийн холбоо зэрэг нийт 12 байгууллагын 60 гаруй салбарын мэргэжилтэн, төлөөллүүд , санал зөвлөмж өглөө.
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.