Улаанбаатар хот, 2020 оны 11 дугаар сарын 03-ны өдөр - Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС)-аас Компакт гэрээний хүрээнд боловсруулж буй “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэлэлцэх хэрэгжүүлэгч талуудын төлөөллийг оролцуулсан цуврал хэлэлцүүлэг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэллээ.
Хэлэлцүүлэгт төлөвлөгөөг хариуцан хэрэгжүүлэх байгууллагууд болох болох Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Туул голын сав газрын захиргаа, хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд болох Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн Төслийн нэгж, Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн парк, Дархан үйлдвэрлэл, технологийн парк болон судалгаа хөгжлийн төвүүдийн төлөөлөл оролцов.
БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан үйл ажиллагааг нээж үг хэлсний дараа Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний төслийг танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос “Монголын МСС Компакт гэрээний хүрээнд холбогдох яамд, агентлагуудтай хамтран боловсруулж буй Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө болон Зардал нөхөх төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар баталсны үндсэн дээр Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийн эрх нээгдэж, төслийн барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдэнэ. Төлөвлөгөөнд туссан ажлууд дээр оролцогчид санал бодлоо нээлттэй илэрхийлж, тулгарч буй нөхцөл байдлаа илэн далангүй бусадтайгаа хэлэлцэх нь төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой”-г онцлон тэмдэглэсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид олон санал дэвшүүлж, тулгамдсан асуудлууд, боломжит шийдлийн талаар нээлттэй ярилцав. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн Төслийн нэгжийн инженер Д.Анхбат “Бидний богино болон дунд хугацааны зорилго бол МСК-ын зүгээс Монгол Улсын Засгийн газарт тавигдсан болзолт нөхцөлүүдийн нэг болох ТЦБ-д ирж буй хаягдал усны бохирдлын концентрацыг 2013 оны түвшинд хүргэж бууруулах явдал юм. Цаашлаад энэ түвшнийг илүү бууруулж, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн MNS 6561:2015 стандартыг хангуулах нь бидний туйлийн зорилго байх ёстой ” гэдгийг онцлов.
Энэхүү “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө” нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтийн эрхийг нээх МСК-ын зүгээс тавигдсан урьдчилсан болзолт нөхцөлүүдийн нэг юм. Монгол Улсын Засгийн газар тус төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлж, Монголын МСС-аар дамжуулан хэрэгжилтийн тайланг АНУ-ын МСК-д хүргүүлж байх үүргийг гэрээний дагуу хүлээж байгаа болно.
Цуврал хэлэлцүүлэг 2020 оны 11 дүгээр сарын 6, 10, 13-ны өдрүүдэд тус тус болно.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.