Монголын Мянганы сорилтын сангийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үйл ажиллагааны зорилго нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжих (а) Улаанбаатар хотын ус хангамжийн баруун шинэ эх үүсвэрийг байгуулах, (б) Хаягдал ус дахин боловсруулах, (в) Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийн үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилго бүхий Байгаль орчин, нийгмийн менежментийн тогтолцоо (БОНМТ)-г бий болгох юм. Байгаль орчин, нийгмийн менежментийн тогтолцоо нь аливаа байгууллагын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх болон хэрэгжилтийн үйл явц, үр дүнг хянах удирдлагын үйл ажиллагаа бөгөөд “төлөвлөх-хэрэгжүүлэх-хянах-сайжруулах” гэсэн 4 үйл ажиллагааг тасралтгүй явуулж, байгаль орчны үзүүлэлт тогтмол сайжирч байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Монголын МСС нь БОНМТ-ны баримт бичгийг боловсруулж байгаа бөгөөд Монголын МСС-ийн Удирдах зөвлөлөөр батлагдах юм.
Энэ хүрээнд Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд буюу Мянганы сорилтын корпорац-ын Байгаль орчны удирдамж, Нийгэм, жендер, нүүлгэн шилжүүлэлтийн бодлого, журам болон Олон улсын санхүүгийн корпорацын (ОУСК) Гүйцэтгэлийн стандарт арга зүйг Монгол Улсын хууль тогтоомжтой нийцүүлэн төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлнэ. Энэ нь төслийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, төслийн нөлөөлөлд өртөж буй орон нутгийн иргэд, оролцогч талуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, талуудын үр дүнтэй оролцоо, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ажлын хүрээнд:
1. Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, Ус хангамжийн төслийн хэрэгжилтээс үүдэн байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй аливаа нөлөөллийг үнэлэх зорилгоор Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг тус тус боловсруулна.
2. Барилга угсралт болон ашиглалтын үе шат, засвар үйлчилгээний явцад хэрэгжүүлэх арга хэмжээ, холбогдох хяналт шинжилгээг нарийвчлан бэлтгэх, болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах, урьдчилан сэргийлэх зорилготой Байгаль орчин, Нийгмийн менежментийн төлөвлөгөөг боловсруулна.
3. Төслийн үйл ажиллагааны улмаас шилжин нүүх буюу амьжиргаа нь дордож болзошгүй хувь хүн, бүлэг хүмүүст учрах сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах, алдагдлыг нь нөхөхөд мөрдлөг болгох журам, авах арга хэмжээ болон хөгжил дэвшлээс тэдэнд шууд хүрэх ашиг тусыг тодорхой болгох зорилгоор Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллана.