Жендэр, нийгмийн асуудлыг төсөл, үйл ажиллагаанд тусгах төлөвлөгөө


Компакт гэрээгээр хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцоог хангах замаар эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилтыг хэрэгжүүлэх Монголын МСС-гийн бодлогын баримт бичиг бол Нийгэм, жендэрийн нэгтгэсэн төлөвлөгөө (НЖНТ) юм. Төлөвлөгөө нь Мянганы сорилтын компакт гэрээ (Компакт)-ний зорилго, зорилт, үйл ажиллагаа, үр дүн, үүрэг хариуцлага болон хэрэгжилтийн бүхий л орчинд жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцоог хангах зорилготой. НЖНТ-нд жендэр, нийгмийн оролцоотой холбогдох асуудлууд, салбарын хүрээний холбогдох эрсдэлүүдийг тодорхойлж, сөрөг нөлөөллийн бууруулах арга замаас гадна эмэгтэйчүүд болон орон нутгийн иргэд, хөдөлмөр эрхлэгчдэд хүрэх үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлсон болно. Түүнчлэн, тендерт оролцогчид, зөвлөхүүд, гэрээлэгчид, тэдний туслан гүйцэтгэгчид, хэрэгжүүлэгч байгууллагуудад Компактын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө, үйл ажиллагааны хэрэгжилт болон хаалтын бүх үе шатанд нийгэм, жендэртэй холбогдох дүн шинжилгээ, үйл ажиллагаануудыг хэрхэн тусгах талаар зааварчилгааг багтаасан болно.

НЖНТ-нд дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн юм. Үүнд:

  • Компактын хүрээнд нийгэм, жендэрийн оролцоог хангахад учирч болох эрсдэлүүд, даван туулах арга замуудыг тодорхойлох;
  • Дэд бүтцийн томоохон төсөлд нийгэм, жендэрийн оролцоог хэрхэн хангасан тухай амжилтын түүхүүдийг баримтжуулан сурталчлах;
  • Гэрээлэгчдийг дүүрэг, хорооны засаг захиргаатай түншлэн ажиллаж Орон нутгийн иргэд, ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудыг тэгш, нээлттэйгээр ажилд оруулах боломжийг бүрдүүлэх замаар орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг дэмжих;
  • Гэрээлэгчдийг нийт ажилчдынхаа 30-аас багагүй хувьд эмэгтэйчүүдийг ажиллуулж барилгын салбар дахь жендэрийн тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмэр оруулахыг дэмжих;
  • Гэрээлэгчдийг дотоодоос бараа, үйлчилгээгээ худалдан авч орон нутгийн иргэд, эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнесийг өргөжүүлэхийг дэмжих;
  • Гэрээлэгчдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, мэргэжлийн боловсролын байгууллагуудтай түншлэн ажиллаж оюутан, төгсөгчдийг дадлагажуулах, ажлаар хангахыг дэмжих;
  • Компактын санхүүжилттэй барилга, бүтээн байгуулалтад оролцогч гэрээлэгчдийг ажилтнууддаа жендэрийн мэдрэмжтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарч тогтмол мониторинг хийх;
  • Компактын санхүүжилттэй барилга, бүтээн байгуулалтад оролцогч гэрээлэгчдийг нийгэм, жендэрийн ноцтой зөрчлүүд, тухайлбал ажлын байрны бэлгийн дарамт, хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр эрхлэлтийг үл тэвчих бодлого, журмыг мөрдүүлж, учирсан эрсдэлийг хариуцлагатай шалган шийдвэрлэж, хохирлыг барагдуулж байхад хяналт тавьж байх;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зардал нөхөх, хэрэглэгчдийг дэмжих хөтөлбөр боловсруулах, ус түгээх байруудыг ухаалаг болгох, олон нийтийн дадал хандлагыг өөрчлөх үйл ажиллагаа зохион байгуулахад нийгмийн янз бүрийн бүлгүүдэд учирч болох сөрөг нөлөөллийг судалж, тохирсон арга зүйг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

НЖНТ-г Мянганы Сорилтын Корпорацаас 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хянан баталснаар Монголын МСС-гийн үйл ажиллагаанд мөрдөн хэрэгжүүлж байна.

Нийгэм, жендэрийн нэгтгэсэн төлөвлөгөөний дэлгэрэнгүйг доорх холбоосоор татаж үзнэ үү.