Улаанбаатар хот, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр - Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажлын олон улсын тендер шалгаруулалтыг зохион байгуулж буйтай холбогдуулан Тендер ирүүлэхийн өмнөх уулзалтыг 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Гадаад, дотоодын 60 орчим компанийн 100 гаруй төлөөлөл оролцсон тус уулзалтын үеэр барилга угсралтын ажлын цар хүрээ, тендер шалгаруулалтын үйл явцын талаар танилцуулга хийж, тендерийн баримт бичигтэй холбоотой оролцогчдын зүгээс ирүүлсэн асуултад хариу өгөв. Түүнчлэн Ковид-19 цар тахлын улмаас төслийн талбайтай биечлэн танилцах боломжгүй байгаа тул видео хэлбэрээр бэлтгэсэн төслийн талбайн танилцуулгыг оролцогчдод хүргэв.
Уулзалтын эхэнд Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн тухай товч танилцуулаад, цахим уулзалтад оролцогчдыг тендер шалгаруулалтад идэвхтэй оролцохыг урьж, амжилт хүслээ.
АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин захирал Алекс Рассин АНУ-ын Засгийн газрын гадаад тусламж хариуцсан агентлаг болох МСК-ын талаар товч мэдээлэл өгч, Компакт гэрээний хүрээнд хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтад оролцож, МСК болон Монголын МСС-тай хамтран ажиллахын давуу талуудыг цохон тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн Монголын МСС-ын Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, SCADA систем суурилуулах ажлын цар хүрээ болон холбогдох бусад техникийн чанартай мэдээллээр танилцуулга хийв.
Цахим уулзалтаар мөн тендер шалгаруулалтын үйл явц, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан тендерийн санал бэлтгэн ирүүлэхэд анхаарах зүйлс, татвар, төлбөр тооцоо, аудитын шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, МСК-ын Авлига, хээл хахууль, санхүүгийн луйвраас сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох тухай журам, холбогдох зааварчилгааны талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн бөгөөд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган, сонирхогч талуудад ижил тэгш мэдээлэл хүргэх зорилгоор төслийн танилцуулга, оролцогчдын сонирхсон асуултуудын хариултыг хурлын тэмдэглэлийн хамт Монголын МСС-ийн цахим хуудсанд нээлттэй байршуулахыг мэдэгдэв.
###
Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 350 сая ам.долларын дүнтэй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 297 тоот тогтоолоор байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан хөгжингүй орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ын талаарх мэдээллийг www.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.