Улаанбаатар хот, 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийн гүйцэтгэгч Туркийн “МАПА Иншаат” болон Монголын “М-СИ-ЭС Пропертис” компаниудын хооронд нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах зорилтуудын хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл солилцож, сайн туршлагуудаас харилцан суралцах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Сонгинохайрхан уулын бэлд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг барьж буй Туркийн “МАПА Иншаат“ компани төслийн явцад ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг 30-аас доошгүй хувьд хүргэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, эрхэлж буй худалдаа үйлчилгээг дэмжин ажиллах, нийгмийн түншлэлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, оюутан залуусыг дадлага хийх боломжоор хангах зэрэг тодорхой зорилтын хүрээнд гаргасан төлөвлөгөө, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа дутагдал, ололт амжилтаа бусадтайгаа хуваалцав. Түүнчлэн хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүн худалдаалах гэмт хэрэг, ажлын байрны бэлгийн дарамт, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг болзошгүй сөрөг нөлөөллийн эрсдэлийг бууруулахаар ажилтнуудад зориулсан сургалт, харьяа дүүрэг хороо, мэргэжлийн ТББ-тай хамтарсан арга хэмжээг хэрхэн амжилттай авч хэрэгжүүлж буй талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
“М-СИ-ЭС Пропертис” компанийн мэргэжилтнүүдийн зүгээс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг барилгын салбарт 30 хувьд хэрхэн хүргэх талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол “МАПА Иншаат” компанийн Нийгэм, жендэрийн оролцоо хариуцсан менежер Зеррин “Монголд ирээд ажиллахад монгол эмэгтэйчүүд их дайчин санагдсан. Эмэгтэйчүүдэд барилгын салбарт хийж чадахгүй ажил байхгүй гэж итгэж байна. Жишээ нь, эмэгтэй оператор өргөх цамхаг руу торохгүй гарч ажиллаж байгааг, арматур төмөр зангидах чимхлүүр ажлыг эмэгтэйчүүд нямбай хийж байгааг хараад биширсэн. Эмэгтэйчүүдийн ажиллах орчныг таатай болгох нь гэрээлэгч бидний үүрэг” гэж хариулав.
Монголын МСС-ийн Нийгэм, жендэрийн оролцоог хангах багаас сар бүр зохион байгуулах энэ үйл ажиллагаа Монгол Улсын барилгын салбарт нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангаж болохыг харах нэгэн үлгэр жишээ болно гэж итгэж байгаа юм.
Нийгмийн оролцоо болон жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд дээр дурдсан зорилтуудыг Монголын МСС-аас дэд бүтцийн салбарт хэрэгжүүлж буй бүх төсөл, үйл ажиллагаандаа ханган ажиллах шаардлагыг тавьж, биелэлтийг хянаж ажиллаж байна. Монголын МСС-ийн Нийгэм, жендэрийн нэгдсэн төлөвлөгөөтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл доорх холбоосоор нэвтрэн үзнэ үү.
https://mca-mongolia.gov.mn/social-and-gender-integration-plan
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.