Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг таниулан сурталчлах зөвлөх үйлчилгээний эхлэлийн уулзалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд Монголын Мянганы сорилтын сангаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын Мянганы сорилтын сан нь Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааны ач холбогдлыг сурталчлан таниулах, мэдлэг, ойлголтыг түгээх зорилго бүхий зөвлөх үйлчилгээний гэрээг 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Монголын Хэвлэлийн Хүрээлэнтэй байгуулсан юм.

Dsc08631

Уг зөвлөх үйлчилгээг эхлүүлэх оролцогч талуудын уулзалтыг өнөөдөр (2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр) Кемпинкси зочид буурлын хурлын танхимд зохион байгуулж, компанит ажлын стратеги, арга зүй, төлөвлөгөөг танилцуулж, оролцогч талуудаас санал зөвлөмж авлаа. Энэхүү уулзалтад “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, холбогдох төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, усны салбарынхан мэдээлэл харилцааны мэргэжилтнүүдтэй харилцан мэдээлэл, туршлага солилцсон ач холбогдол өндөртэй, үр дүнтэй уулзалт боллоо. 

Dsc08628

Dsc08618

Dsc08624 2

 

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмний хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.