Улаанбаатар хот, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр –Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тохиодог билээ. Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон бусад албаны хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү хөшөө нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр барьж байгуулж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын талбайн орчим байрладаг юм. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Бүгд найрамдах Турк улсын “Мапа Иншаат” барилга угсралтын компани ажиллаж байна.
“Мапа Иншаат” компанийн удирдлагын зүгээс хөшөөний өнгө зүсийг сэргээх, ойр орчмын газрын хог, шарилжийг түүж цэвэрлэх ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн нь төсөл хэрэгжиж буй орон нутгийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд хийсэн чухал ажлуудын нэг боллоо.
###
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.