УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙГ НИДЕРЛАНДЫН УСНЫ АШИГЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Улаанбаатар хот, 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр - Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд Усны ашиглалтын байгууллагын үйл ажиллагааг дэмжих дэд төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Dsc 0031
Тус дэд төслийн хүрээнд Монголын Мянганы сорилтын сан нь хэд хэдэн үе шат бүхий ажлыг Ус сувгийн удирдах газар (“УСУГ”)-тай хамтран төлөвлөж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2019-2021 онд Олон улсын усны ассоциацаас боловсруулсан “AquaRating” аргачлалыг ашиглан УСУГ-ын үйл ажиллагааг нарийвчлан үнэлж, цаашид сайжруулах шаардлагатай тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд тэдгээр чиглэлийн дагуу Нидерландын Вант Улсын усны ашиглалтын байгууллагатай харилцан мэдлэг, туршлага солилцох замаар УСУГ-ын инженер, техникийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх түншлэлийн хөтөлбөрийг 2023-2025 оны хооронд хэрэгжүүлэх юм.

Dsc 0035

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нидерландын усны нарийн мэргэжлийн инженерүүд УСУГ-т ажиллаж мэдлэг туршлагаа хуваалцан, сургалт, чадавхжуулах ажлууд хийхээс гадна давхардсан тоогоор УСУГ-ын 200 орчим инженер, техникийн ажилтан ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, орлого болоогүй ус, SCADA болон автоматжуулалт, хөрөнгө, санхүүгийн удирдлага, онцгой байдлын үеийн шуурхай ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдан авалт, хүний нөөц зэрэг чиглэлээр Нидерландын усны ашиглалтын зургаан байгууллагад зочилж, сайн туршлагад суралцан, байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж ажиллах юм.

Dsc 0051

Эдгээр өдрүүдэд Нидерландын мэргэжилтнүүд хөтөлбөрт хамрагдах инженер техникийн ажилтнуудыг сонгон шалгаруулах, чадавх бэхжүүлэх ажлын зохион байгуулалтыг эцэслэхээр манай улсад ажиллаж байна. УСУГ-ын инженер, техникийн ажилтнуудын ур чадварыг ийнхүү сайжруулж, чадавхжуулах нь Компакт гэрээний хүрээнд АНУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бүтээн байгуулж буй усны шинэ дэд бүтэц, байгууламжууд, нарийн технологи бүхий үйлдвэрүүдийн үйл ажиллагааг урт хугацаанд, хэвийн тогтвортой хариуцан авч явах нэг чухал хүчин зүйл юм. 

Dsc 0056