1. Туул гол нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн нуруунаас эх аван урсдаг. Энэ нь далайн түвшнээс дээш 1850 метрээс эх авдаг гэсэн үг юм.
2. Туул гол далайн түвшнээс дээш 780 метрт орших Орхон-Туулын бэлчирт цутгадаг.
3. Туул голын урсацын дундаж хурд 26,57 м³/с.
4. Туул гол нь Орхон-Сэлэнгэ-Енисэйн голын системд хамардаг.
5. Туул гол нь Монгол Улсын төв болон хойд хэсгээр урсдаг бөгөөд урт нь 717 км. Ус цуглуулах талбай нь 49,840 км2.
6. Туул голын сав газрын өндөршил нь 770-2800 метр. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрт орших Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөрт байдаг Орхон-Туулын бэлчир газар юм.
7. Туул гол арваннэгдүгээр сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд хүртэл хөлдөнө.
8. Туул голын сав газар нь таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг. Хэмжээгээрээ нийт 29 сав газраас аравдугаарт ордог боловч ус ашиглалтаараа нэгдүгээрт ордог учраас нийгэм эдийн засгийн хамгийн ачаалал ихтэй сав газар юм.
9. Туул голын сав газрын 82,8 хувийг хээрийн бүс, 11,8 хувийг ойт хээрийн бүс, 5,4 хувийг тайгын бүс тус тус эзэлдэг.
10. Туул голын нийт усны нөөц 1’2 сая м3 .
11. Туул голын сав газар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувь буюу 1’154.1 тэрбум төгрөгийг хангахад ашиглагддаг.
12. Монгол Улсын ус ашиглалтын 25 хувь буюу 120.9 сая. м3/ жилийг хангадаг.
13. Хүн амын 46.3 хувь нь буюу 1’475’422 хүн Туул голоос ундаалж байна.
14. Туул голын сав газраар 10 овгийн 16 зүйл загас, хоёр зүйлийн хоёр нутагтан, долоон баг, 18 аймгийн 60 орчим зүйлийн хөхтөн амьтан амьдардаг.
15. Туул голын сав газарт ойролцоогоор 171 зүйл шувуу тэмдэглэгдсэн байдаг. Үүний 37 зүйл нь суурин, 134 зүйл нь нүүдлийн шувууд. Нийт 142 зүйл шувуу Туул голын ай савд өндөглөдөг байна.
16. Туул голд цутгадаг Түргэний гол, Улиастайн гол, Сэлбэ гол, Дунд гол, Толгойтын гол гэх мэт олон жижиг гол, горхи хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн нь олон жилийн дундаж урсац багасахад нөлөөлж байна.
17. 1950-1960 оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг бодлогогүйгээр огтолсон нь Туул голын олон жилийн дундаж урсац багасахад нөлөөлж байна.
18. Заамар дахь алт олборлолт нь Туул голыг бохирдуулж буй ноцтой хүчин зүйлсийн тоонд ордог.
19. Үйлдвэрийн болон ахуйн зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 дулааны цахилгаан станцын хөргөлт, үнс зайлуулах ажиллагаанд гүний цэвэр ус ашигладаг ба энэ нь Туул голын урсацын хэмжээнд сөргөөр нөлөөлдөг.
20. Туул голын бохирдол 130 км-т өөрөө цэвэршдэг байсан бол одоогийн гидробиологийн судалгаагаар энэ зайд цэвэршиж чадахаа больсон байна.
21. Туул голын бохирдлын хамгийн том шалтгаан нь Налайх дүүрэг болон Нийслэл дэх үйлдвэр аж ахуйн нэгжүүдээс гарч буй бохир усыг дутуу цэвэрлэж, эсвэл огт цэвэрлэхгүйгээр Туул голд нийлүүлэх болон нийслэлийн бохир усны сүлжээнд өгөх нь юм.
22. Туул голыг Монголчууд эх оронч гол хэмээн хайрлан шүтдэг.
23. Туул голын тухай домог:
Хангай, Хэнтийн уулсын эзэн Лусын хаан Онон, Хэрлэн, Туул гэсэн гурван гоолиг сайхан охинтой байжээ. Охидынх нь үзэсгэлэнт царайнаас өдрийн цагаар алтан нар гэрэлтэж, шөнө нь мөнгөн сар цацардаг тул газар холын хан хөвгүүд сэтгэл алдан тэмүүлцгээдэг байжээ. Хаан эцэг нь арга буюу ууган охин Ононгоо Номхон далай хэмээх харийн ханхүүд, дунд охин Хэрлэнгээ мөн л гадаадын Далай нуур гэдэг ханхүүд бэр болгон өгсөн ажээ. Харин бага охин Туул гүнжээ ямагт хаан аавынхаа хөлийг хучиж, харах мэлмий, хайрлах сэтгэл минь болж яв даа хэмээн зарлигдсан ажээ. Ингээд Туул гол хил даван урсдаггүй, дотооддоо Орхон голд цутгадаг болсон юм гэдэг.
24. Хэрэйдийн Ван хан Тоорилын байнга нутагладаг газар, зонхилох зуслан нь болсон Туулын хар шугуйд Есүхэй баатар, Тоорил хантай анд бололцож, хожим нь түүний хүү Тэмүүжин Тоорил хантай эцэг хүү хэмээлдсэн түүх бий.
***
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.